Michel & Amazonka брэндийн 10 жилийн ойд зориулсан “MONGOLIAN FOUR SEASONS 2025” загварын шоу амжилттай зохион байгуулагдлаа
2025-08-11Michel & Amazonka брэнд арван жилийн түүхэн аяллаа эрхэм үйлчлүүлэгчид, хамтрагч байгууллагууд, бүтээлч хамт олонтойгоо бахархал, амжилтаар дүүрэн тэмдэглэлээ. Энэхүү онцгой ойн арга хэмжээнд зориулан бид “Mongolian Four Seasons 2025” нэртэй, Монгол орны дөрвөн улирлын өнгө төрх, уур амьсгал, соёлын уянга, түүхийн хэлхээг хувцас загварын урлагт шингээсэн 100 гаруй давтагдашгүй бүтээлтэй загварын шоуг толилуулан тайзнаа үзүүлэв.
Шоуны онцлог нь зөвхөн нэг улирлыг бус, Монголын бүх улирлын өвөрмөц шинжийг цогцоор нь илэрхийлсэн явдал байлаа. Дотоод, гадаадын 70 гаруй загвар өмсөгч бүтээл бүрийг амилуулан алхаж, өөрийн өвөрмөц дүр төрх, өнгө аясаар үзэгчдийг татав. Загвар бүрт тохирсон нүүр будалт, үс засалтыг төгс уялдуулахын тулд бид Anara’s Make-up студи болон чадварлаг ажилчидтайгаа хамтран ажиллаж, эрхэмсэг, дэгжин төрхийг бүрэн бүтээв.
Michel & Amazonka брэнд нь сүүлийн арван жилд Монголын загварын ертөнцөд уламжлал, урлаг, орчин үеийн мэдрэмжийг хослуулсан өвөрмөц загваруудаараа ялгарч ирсэн билээ. “Mongolian Four Seasons 2025” шоу нь өнгөрсөн арван жилийн замналыг нэгтгэн харуулсан, цаашдын шинэ уран бүтээлүүдийн эхлэлийг нээсэн түүхэн мөч байв.
Тайзны шийдэл, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг бүхий л элементүүдийг Сарнайх гоёлын студитэй хамтран нарийн төлөвлөж, уялдуулснаар бид үзэгчдэд зөвхөн хувцас бус, харин урлагийн цогц бүтээлийг мэдрүүлэхийг зорьсон. Энэхүү шоу бол Michel & Amazonka брэндийн философи — байгаль, цаг үе, гоо зүйн нэгдлийн илэрхийлэл байлаа.
Бидний урилгыг хүлээн авч, энэ гайхамшигт нандин мөчийг хамтдаа бүтээлцсэн эрхэм хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтрагч байгууллага, үзэсгэлэнт моделууд болон бүх ажилчдадаа гүн талархал илэрхийлье. Та бүхний арван жилийн итгэл, дэмжлэг бидний хамгийн том урам хүч юм.
Мөн энэхүү онцгой үдэш биднийг дэмжиж, хамтран ажилласан мэдээллийн ивээн тэтгэгч Buro Mongolia, Кока-Колагийн ViO Millenia брэнд, Солонгосын алдарт гоо сайхны LBB Cell Beauty брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч LBB Mongolia, Сарнайх гоёлын студи, ITC Mongolia болон Ballroom ZU-д талархал илэрхийлье.