Бюро 24/7-гийн уншигчид "Michel & Amazonka"-г 2016 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

2016-12-30

Michel & Amazonka маркийг хөгжүүлэгч эгч, дүү дизайнер Ч.Нямханд, Ч.Мишээл нарыг Бюро 24/7-гийн уншигчид 31%-ийн саналаар оны шилдэг дизайнер хэмээн нэрлэсэнд гайхах зүйлгүй биз ээ. Michel & Amazonka загварлаг, орчин үетэйгээ хөл нийлүүлдэг олон бүсгүйчүүдийн сонголт болж, шинэ жилийн баярын үдэшлэгүүдэд тэдний даашинзаар гоёсон бүсгүйчүүд хаа сайгүй үзэгдэж байна. Дизайнер эгч, дүүс энэ жил хавар-зун 2016, зун-намар 2016, намар-өвөл 2016 гэсэн гурван улирлын цуглуулга гаргаж, Байкалийн загварын долоо хоног болон Монголын дизайнеруудын нэгдсэн холбооны шоунд өөрсдийн загваруудаа танилцуулсан юм. Дизайнерууд үндэсний хувцасны донж маягийг орчин үетэй хослуулж, хувь хүний дахин давтагдашгүй байдлыг тодотгож өгсөн загварлаг хувцаснууд бүтээдэг нь ийнхүү олны хайрыг татаж чадлаа. 

Бюро 24/7-гийн зүгээс уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгад 2016 онд шинэ цуглуулга танилцуулсан, загварын шоу хийсэн  нийт 11 дизайнер оролцсон. Өнгөрсөн 2015 онд уншигчдаас хамгийн олон саналыг авч байсан Торго салоны хамт олон энэ удаад санал асуулгаас өөрсдийн нэрийг татсан юм. Уншигчдаас хамгийн олон санал авсан маркуудын хоёрдугаарт 24%-ийн саналаар 93//KidULT-ын дизайнерууд бичигдлээ. Дизайнер Л.Нямсүрэн, Б.Батжаргал нар мөн л энэ 2016 онд маш идэвхтэй ажиллаж дөрвөн улиралд тус бүр нэг, нэг капсул цуглуулга гаргасан. Тэдний чөлөөт загвартай, футуристик хэв маягтай, хүйс харгалзахгүй хувцаснууд нь залуучуудын их татаж, сонирхлын том бүлэг бий болгож чадсан байгаа.

More: https://www.buro247.mn/fashion/news/byurogiyn-unshigchid-michel-amazonka-g-2016-ony-shildeg-dizayneraar-nerlelee.html

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах